Хамгаалалтын Буудлагын Спортын тухай
Хамгаалалтын буудлагын спортын төв эрх барих байгууллага нь Олон Улсын Хамгаалалтын Буудлагын Холбоо /Internation Defensive Pistol Association - IDPA/ бөгөөд тус холбоо нь 1996 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан ба одоогоор дэлхийн 75 гаруй оронд албан ёсны бүртгэлтэй 450 гаруй клубт 30 сая орчим хүн энэхүү спортоор хичээллэж байна.
Энэхүү спорт нь галт зэвсэгтэй аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж харьцан өгөгдсөн дасгалыг богино хугацаанд үр дүнтэйгээр гүйцэтгэх чадварыг тусгай арга техникийг ашиглан хөгжүүлэх зорилготой бөгөөд сургалт, дасгалын зохиомжийг амьдралд бодитоор тохиолдсон нөхцөл байдалд үндэслэн боловсруулж, давших болон хамгаалах тактикийг хослуулан гүйцэтгэдэг, буудлагын спортын нэг төрөл юм.
Хамгаалалтын буудлагын спорт нь дасгал сургуулилт болон тэмцээн уралдаанд баримтлах аюулгүй байдал, галт зэвсэгт мөрдөгдөх тусгай дүрэм журамтай бөгөөд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд чухалчилж үздэг.
Хамгаалалтын буудлагын спортоор 18-аас дээш насны хүмүүс хүйс ялгаварлахгүй хичээллэх боломжтой бөгөөд 18-аас доош насны тамирчны хувьд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтан доор тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилт хийх боломжтой байдаг. Ижил төстэй спорт /Практик буудлагын спорт/-той харьцуулбал аюулгүй ажиллагааны дүрэм журмын хувьд ижил, дасгал гүйцэтгэх техникийн хувьд төстэй боловч тамирчны тоног хэрэгсэл, хувцаслалт, тэмцээний дүрмийн хувьд нэлээд ялгаатай. Тухайлбал: Практик буудлагын техник нь цэвэр довтолгооны шинж чанартай байдаг бол хамгаалалтын буудлагын спорт нь довтолгоо, хамгаалалтыг хослуулан дасгалыг гүйцэтгэдэг. Түүнчлэн буу болон бусад тоног хэрэгслийг нь хүрэмний цаана далд байлгаж 1 дайзанд байх сумны тоог хязгаарлаж өгдөг онцлогтой.
Онооны шүүлтийн хувьд тухайн дасгалыг хамгийн бага хугацаанд үр дүнтэй гүйцэтгэхийг эрмэлзэх ба хангалтгүй буудалт нь үндсэн цаг дээр хугацааны торгууль байдлаар нэмэгдэж тооцогдно.
Байны хувьд 78см х 47см хэмжээтэй цаасан бай болон хамгийн багадаа 61 см өндөртэй 20.3 см өргөнтэй төмөр бай болон хөдөлгөөнт (swinger) бай хэрэглэнэ.
Спорт-сургалт, тэмцээн уралдаанд тухайн тэмцээний дүрэм, зохион байгуулалтаас шалтгаалан ихэвчлэн 9х19мм, 40, 45 мм-ийн калибрийн сум ашигладаг бөгөөд галт зэвсгийн төрлөөр нь 8 ангилалд хуваах ба ангилал тус бүрээр өрсөлдөх боломжтой.
Хамгаалалтын буудлага спортын дүрэмтэй бүрэн эхээр нь танилцах бол.... энд дарна уу.
Буудагчийн тоног хэрэгсэл
МОНГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БУУДЛАГЫН ХОЛБОО
“Монголын Хамгаалалтын Буудлагын Холбоо” нь 2015 онд иргэдэд галт зэвсэгтэй аюулгүй харьцах чадварыг олгох, тайван цагт эх орныг батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, буудлагын спортын шинэ төрлийг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд Олон улсын хамгаалалтын буудлагын холбоо /IDPA/-ны гишүүн клубын статустай үйл ажиллагаагаа явуулдаг.
Сургалтын үйл ажиллагаагаа Иргэний болон Албаны чиглэлээр зохион байгуулдаг ба Монгол улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, буудлагын спортын бусад холбоодуудтай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн хамгаалалтын буудлагын спортын дүрмээр жил бүр клубын гишүүдийн дунд болон улсын хэмжээнд нээлттэй тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах буудлагын тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж байна.
Хамгаалалтын буудлага спортоор хичээллэхийг сонирхсон хүн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байх бөгөөд буудагчийн бүрэн хэмжээний хөтөлбөрт болон танилцах түвшний сургалтад хамрагдах боломжтой.